МГГМХолбооны ээлжит бус хурал амжилттай болж, шинэ тэргүүнээ сонголоо
Монголын Гидрогеологи, Геоэкологийн мэргэжлийн холбооны (МГГМХолбоо) бүх гишүүдийн ээлжит бус хурал 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурлаар холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, байгууллагын үйл ажиллагааг илүү оновчтой, үр дүнтэй болгох чухал шийдвэрүүдийг гаргасан байна. Мөн МГГМХолбооны Ерөнхийлөгчийг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ дүрмийн дагуу холбооны тэргүүнийг сонгон шалгарууллаа.
Хурал эхлэхийн өмнө Усны газрын дарга Батбаяр хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн бөгөөд мэргэжлийн холбоо болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар онцлон дурдсан юм. Тэрбээр хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, цаашдын хамтын ажиллагаанд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хуралдаан нь холбооны дүрмийн дагуу гишүүдийн 50-иас дээш хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөр зохион байгуулагдсан бөгөөд хэлэлцсэн асуудлуудаа баталгаажуулан, шинэ тэргүүнээ сонгосон байна.
Тэргүүний сонгуульд нэр дэвшсэн хоёр горилогчоос олонхийн саналаар мэргэшсэн инженер, гидрогеологич Б.Басбаатар МГГМХолбооны тэргүүнээр сонгогдлоо.

