Дэлхийн усны өдрийн тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газраас дараах хуралдаан, чуулганыг зохион байгууллаа. Үүнд:
- 2023 оны 03 дугаар сарын 20-нд “Газрын доорх усны нөөц, тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан
- 2023 оны 03 дугаар сарын 21-нд “Гадаргын усны нөөц, тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан
- 2023 оны 03 дугаар сарын 22-нд “Усны салбарын эрхзүйн орчин, тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан
- 2023 оны 03 дугаар сарын 24-нд “Цэнхэр алт” үндэсний чуулган.
Тус салбар хуралдаан болон чуулганд Монголын гидрогеологичдыг холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг “Газрын дооорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба удирдах зөвлөлийн гишүүд, өөрсдийн саналыг илэрхийлэн оролцов.
Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэх, хяналт-шинжилгээний сүлжээ, хайгуул судалгааг өргөтгөх, бохирдол, доройтлыг бууруулах, хүн амыг баталгаат усаар хангахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцсэн.
Усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, улс орныхоо өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахын тулд “Цэнхэр алт” үндэсний чуулган болон салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн нийт 4 зүйл, 19 заалт бүхий чуулганы зөвлөмжийг боловсруулан, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллахыг даалгав.
Тухайлбал, чуулганы зөвлөмжид тусгагдсан хууль эрхзүй, засаглалыг сайжруулах чиглэлээр Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах, усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, хуримтлуулах чиглэлээр гадаргын болон газрын доорх усны хайгуул судалгааг нэмэгдүүлэх, нөөцийг зориудаар арвижуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, рашааны болон газрын гүний дулааны судалгааг эрчимжүүлж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ирээдүйн эрэлт хэрэгцээнд тулгуурлан усны салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр усны мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлуудыг тусгалаа.