Холбооны дүрэм
МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИ ГЕОЭКОЛОГИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО” ДҮРЭМ
(2026 оны 3 сарын 15-ны өдрийн Бүх гишүүдийн хурлаар батлав)
1.1. “Монголын Гидрогеологи, Геоэкологийн Мэргэжлийн Холбоо” нь Монгол Улсын Үндсэн
хууль, Иргэний хууль, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн
бус байгууллагын тухай хууль, Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, болон бусад
холбогдох хууль, тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх
зүйн баримт бичиг болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
1.2. “Монголын Гидрогеологи, Геоэкологийн Мэргэжлийн Холбоо” (цаашид “Холбоо” гэх) нь
гидрогеологи, геоэкологийн чиглэлийн мэргэжилтэн, аж ахуй нэгж, төрийн бус
байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэн тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах,
ашгийн төлөө бус, гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага байна.
1.3. Холбооны оноосон нэр:
- Монголоор: “Монголын Гидрогеологи, Геоэкологийн Мэргэжлийн холбоо”
- Англиар: “Mongolian Association of Hydrogeology and Geoecology”
- Товчилсон нэр нь: Монголоор “МГГМХ”, Англиар “MAHG” гэнэ.
1.4. Холбоо нь улс орон даяар үйл ажиллагаа явуулах бөгөөд төв нь Улаанбаатар хотод байрлана. - Холбооны байршил: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, бага тойруу 8/5 байр
Пийс бюлдинг оффис 301 тоот. - Электрон шуудангийн хаяг: info@hydrogeology.mn
- Вэб хуудас: www.hydrogeology.mn
1.5. Холбоог үүсгэн байгуулсан өдрийг 2011 оны 11 сарын 04-нд “Монголын гидрогеологичдын
холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагдсан өдрөөр тооцно.
1.6. Холбоо нь үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулна.
1.7. Энэхүү дүрэм нь “Монголын Гидрогеологи, Геоэкологийн Мэргэжлийн Холбоо”-ны алсын
хараа, эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн эрх,
үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхойлж зохицуулахад оршино.
1.8. “Монголын Гидрогеологи, Геоэкологийн Мэргэжлийн Холбоо”-ны дүрмийг тус холбооны
гишүүн бүр даган мөрдөнө.
1.9. Холбоо нь өөрийн тамга, тэмдэг, бэлгэдэл, туг, үнэмлэх, нэрийн хуудас, хэвлэмэл хуудас,
цахим хуудастай байна.
2.1. АЛСЫН ХАРАА: Гидрогеологич, геоэкологич мэргэжилтнүүдийн чадавхийг олон улсын
түвшинд хүргэж, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн хурдасгуур нь байна.
2.2. ЭРХЭМ ЗОРИЛГО: Холбоо нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гидрогеологи,
геоэкологийн бүх төрлийн судалгааны ажлыг явуулахад дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар
хангах, салбарын хөгжлийг эрчимжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, улсын тэргүүлэх салбар
болгон хөгжүүлэх, гидрогеологи, геоэкологи мэргэжилтнүүдийг нэгтгэх, эв нэгдлийг хангах, ур
чадварыг хөгжүүлэх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувь нэмэр оруулахад оршино.
2.3. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ: Холбоо нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн
хүрээн үйл ажиллагаа явуулж, хүмүүнлэг, ардчилсан, ил тод нээлттэй байх зарчмыг баримтлана.
2.4. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: Холбоо нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах
чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
2.4.1. Төрөөс усны талаар баримтлах бодлогод нийцсэн хөтөлбөр боловсруулах, хууль эрх
зүйн орчныг сайжруулах, шинэчлэх чиглэлээр санал зөвлөмж, дүгнэлт гаргах, салбар
дундын уялдаа холбоог бэхжүүлж хамтран ажиллах;
2.4.2. Гидрогеологи, геоэкологийн бүхий л төрлийн судалгаа шинжилгээний ажил, зөвлөх
үйлчилгээ, менежментийн чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, зохион
байгуулах, хяналт тавин ажилд оролцож дэмжлэг үзүүлэх;
2.4.3. Гишүүд, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжилтнүүдийн хоорондын харилцааг
бэхжүүлэх, гадаад дотоод харилцааг өргөжүүлэх, хөгжүүлэх, мэргэжлийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулахад хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
хамтран ажиллах;
2.4.4. Салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулах, нийгмийн мэдлэг, үнэлэмж, итгэл
үнэмшлийг дээшлүүлэх, мэргэжил сурталчлах арга хэмжээг тасралгүй зохион
байгуулах;
2.4.5. Чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх зорилгоор мэргэжлийн зэрэг олгох,
давтан сургах сургалт зохион байгуулах.
2.4.6. Салбарт өндөр технологи, инновацыг хөгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээ,
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн арга
аргачлал, стандарт, норм дүрэм боловсруулах, нутагшуулах, сурталчлах, олон нийтэд
түгээх ажилд гишүүдийн оролцоог хангах.
2.4.7. Төсөл хөтөлбөр, судалгааны ажлуудад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, судалгаа
шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэхэд мэргэжлийн боловсон хүчнээр хангаж
хамтран ажиллах.
2.4.8. Мэргэжлийн холбооны үйл ажиллагааг тогтмол сайжруулж, өргөжүүлэх зорилгоор олон
улсын хурал, сургалт семинар, хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар хөгжингүй орны
туршлага судлах, солилцоход гишүүдээ төлөөлөн олон улсын байгууллагатай хамтран
ажиллах.
2.4.9. Гишүүдийн бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг дэмжин
хөгжүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн сургалт семинар, эрдэм шинжилгээний хурал
чуулган, нөхөрсөг уулзалт, өдөрлөг, аялал зохион байгуулах замаар салбарын
мэргэжилтнүүдийг идэвхжүүлэх, бизнес хамтын ажиллагааны санал мэдээллээ солилцох
боломжоор хангах.
3.1. Холбоо нь өөрийн өмчлөлийн хөрөнгө, бие даасан тайлан тэнцэлтэй байх бөгөөд банкинд
төгрөгийн болон валютын данс нээх эрхтэй.
3.2. Тамга, тэмдэг, албан бичгийн хуудас болон адилтгах бусад хэрэгсэлтэй байна.
3.3. Холбоо нь өөрийн эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд гэрээ, хэлцэл байгуулах, эд хөрөнгийн
болон бусад эрхийг олж авах эрхтэй.
3.4. Холбоо нь аймгуудад өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах, олон улсын байгууллага,
мэргэжлийн холбооны гишүүн байх эрхтэй.
3.5. Холбоо нь үйл ажиллагааныхаа гол чиглэлээр бүтцийн нэгж, дэргэдээ сонирхлын клуб
байгуулж болно.
3.6. Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй тохиолдолд холбооны үйл ажиллагаанд төрийн, төрийн
бус болон бусад байгууллагууд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
3.7. Холбоо нь өөрийн хүлээсэн үүргийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцна.
Гишүүдээс холбооны өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгө түүний өмч байна.
3.8. Дотоодын болон гадаадын хуулийн этгээдтэй хамтрах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих
эрх нээлттэй ба Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ,
конвенцийн хүрээнд уг үйл ажиллагааг явуулна.
3.9. Холбоо нь өөрийн нэрийн өмнө үйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн гэрээ хэлцэл хийх, эд
хөрөнгө, эдийн бус хөрөнгө, эрхийг худалдах худалдан авах эрхтэй.
3.10. Холбоо нь өөрийн зорилго, үйл ажиллагаа, ашиг сонирхол нэг дотоодын болон гадаадын аж
ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах, төрийн болон төрийн бус олон нийтийн
байгууллага, эвсэл мэргэжлийн холбоонд гишүүнээр элсэх, ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд
төлөөлүүлэх эрхтэй.
3.11. Холбоо нь өөрийн нэрэмжит шагналтай байх бөгөөд шалгаруулах журмыг Удирдах зөвлөлийн
хурлаар хэлэлцэж батална.
4.1 Гишүүнчлэл: Холбооны эрхэм зорилго, зорилт, зарчим болон энэхүү дүрмийг хүлээн
зөвшөөрсөн иргэн, аж ахуй нэгж, байгууллага, гидрогеологи, геоэкологийн мэргэжилтнүүд
сайн дураар гишүүнээр элсэж болно.
4.2 Холбооны гишүүнчлэл нь үндсэн 4-н төрөлтэй байна.
Гишүүн – гидрогеологи, геоэкологич мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүд, тус
чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерүүд
Аж ахуй нэгж – Гидрогеологи, геоэкологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
байгууллага, холбогдох чиглэлээр (Байгаль орчин, инженер-геологи өрөмдлөг,
геофизик, уул уурхай) үйл ажиллагаа явуулдаг байгууллага, боловсрол, шинжлэх
ухааны байгууллага
Төрийн бус байгууллага – гидрогеологи болон геоэкологийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг бусад ТББ
Хүндэт гишүүн- холбооны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан идэвхтэй гишүүн,
мэргэжилтэн.
4.3 ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
4.3.1 Холбооны зорилго, дүрмийг хүлээн зөвшөөрсөн байх
4.3.2 Холбооны анкет, өргөдөл өгч, тухайн жилийн гишүүний татвар төлсөн байх
4.3.3 Улс төрийн нам эвсэл болон хувийн ашиг сонирхол, мэргэжлийн ёс зүйн зөрчилгүй байх.
4.4 ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ:
4.4.1 Мэргэжлийн салбарт эрх ашгаа хамгаалуулна;
4.4.2 Холбооны албан тушаалд сонгох, сонгогдох, нэрээ дэвшүүлэх, татгалзана;
4.4.3 Холбооны Бүх гишүүдийн хурлаас өмнө 3 сараас доошгүй хугацааны өмнө гишүүнээр
элссэн тохиолдолд саналын нэг эрхтэй оролцно;
4.4.4 Удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлнэ;
4.4.5 Холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээ, төслийг дэмжиж хандив өгнө;
4.4.6 Холбооноос зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд хамрагдана;
4.4.7 Холбооны үйл ажиллагааны чиглэлд нийцсэн мэдээ мэдээлэл цахим хуудсанд нийтлэнэ;
4.4.8 Холбооны дүрэм болон үүнд нийцүүлэн гаргасан журмыг чанд сахин мөрдөнө;
4.4.9 Холбооны үйл ажиллагаа, мэргэжлийн онцлогийг олон нийтэд болон дотоод, гадаад
сурталчлана;
4.4.10 Холбооноос зохион байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, дэмжлэг үзүүлнэ;
4.4.11 Холбооны болон мэргэжлийн чиглэлийн ажил үүргийг хууль эрх зүйн хүрээнд чанартай
гүйцэтгэнэ;
4.4.12 Холбооны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангагдах;
4.4.13 Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана;
4.4.14 Холбооны гишүүдийг хүндэтгэж, тэгш эрхтэй харилцна;
4.4.15 Холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, шийдвэрийн эсрэг үйл ажиллагаа
явуулахгүй байх;
4.4.16 Гишүүний татварыг хугацаанд нь төлнө.
4.5 ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТАТВАР:
4.5.1 Гишүүнчлэлийн төрлөөс хамааран татварын хэмжээг ялгаатай тогтоож Удирдах
зөвлөлийн шийдвэрээр батлана.
4.5.2 Гишүүнчлэлийн татварыг тухайн жилийн нэгдүгээр улиралд багтаан төлсөн байна.
4.5.3 Холбооны хүндэт гишүүн нь татваргүй байна.
4.6 ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАХ:
4.6.1 Дор дурдсан нөхцөлд холбооны гишүүнчлэлээс хасаж, холбогдох бүртгэлийн
өөрчлөлтийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрийг тухайн гишүүнд ажлын
5 хоногт багтаан цахим шуудангаар мэдээллэнэ.
- Гишүүнчлэлийн татвараа цаг хугацаанд нь төлөөгүй
- Гишүүн өөрөө гарах хүсэлтээ бичгээр ирүүлсэн
- Мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан
- Нас барсан, эсвэл гэмт хэрэгт холбогдсон
- Гишүүн байгууллага татан буугдсан, дампуурсан тохиолдолд.
5.1. Холбооны бүтцийг Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр батална.
5.2. Холбоонь дараах бүтэцтэй байна:
Бүх гишүүдийн хурал
Удирдах зөвлөл
- Удирдах зөвлөлийн дарга буюу Тэргүүн
- Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга
- Удирдах зөвлөлийн гишүүд
Хяналтын зөвлөл - Хяналтын зөвлөлийн дарга
- Хяналтын зөвлөлийн гишүүд
Гүйцэтгэх алба - Гүйцэтгэх захирал
- Удирдах зөвлөлөөр батлагдсан орон тооны ажилтнууд
- Нягтлан
5.3. Орон нутаг, нутаг дэвсгэрийн онцлог байдлыг харгалзан холбооны салбар зөвлөл байгуулах,
эсвэл төлөөлөгч томилж болно. Энэ тохиолдолд холбооны Удирдах зөвлөлийн гишүүн эсхүл
холбоог төлөөлөх албан тушаалтан тухайн орон нутагт ажиллаж, холбооны үйл ажиллагааны
чиглэлээр мэдээлэл өгөх бөгөөд тухайн газар нутагт ажиллаж байгаа инженер техникийн
ажилтны төлөөллийг оролцуулсан албан ёсны хурал цуглааны шийдвэрийг холбоонд ирүүлнэ.
Уг асуудлыг холбооны Удирдах зөвлөлд танилцуулан, салбар зөвлөл байгуулах, эсвэл
төлөөлөгч томилох шийдвэрийг гаргаж, холбоонд бүртгүүлнэ.
5.4. Салбар нь Бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэр зөвлөмжийг
хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, холбооны нэгдмэл удирдлага
зөвлөгөөг авч, тайлагнаж ажиллана.
5.5. Холбоо нь дэргэдээ чиглэл бүрийн мэргэжлийн болон эрдэмтдийн зөвлөл, сургалт ба
судалгааны төв, нийгэмлэг, лаборатори, клуб, зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэгж байгуулж
ажиллаж болох ба эдгээрийн ажиллах журмыг Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр
батална.
5.6. Холбоо нь дотоод болон олон улсын байгууллагад гишүүнээр элсэж, хамтран ажиллаж болох
бөгөөд гишүүнээр элсэх шийдвэрийг Удирдах зөвлөл батлаж, гэрээгээр хүлээсэн үүргээ
биелүүлж ажиллана.
6.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь холбооны Бүх гишүүдийн хурал байна. Бүх
гишүүдийн хурлын “чөлөөт цагт” түүний бүрэн эрх Удирдах зөвлөлд шилжинэ.
6.2. Бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
6.2.1. Холбооны дүрэм, дүрмийн нэмэлт өөрчлөлт болон шинэчлэсэн найруулгыг хэлэлцэж,
батлана;
6.2.2. Холбооны өөрчлөн байгуулах, нэгтгэх, татан буулгана;
6.2.3. Удирдах зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлнө;
6.2.4. Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлнө;
6.2.5. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлнө;
6.2.6. Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн
тайланг сонсох, дүгнэлт, зөвлөмж өгнө.
6.3. Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус гэсэн хэлбэртэй байх ба ээлжит Бүх
гишүүдийн хурал 3 жилд нэг удаа хуралдана. Бүх гишүүдийн хурлыг Удирдах зөвлөлийн
шийдвэрээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүн даргална.
6.4. Холбооны Бүх гишүүдийн хурлын тов, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Удирдах
зөвлөл тогтоох ба хурал эхлэхээс хуанлын 14 хоногийн өмнө Тэргүүн эсвэл Удирдах
зөвлөлийн нарийн бичгийн дарга холбооны албан ёсны вэб, холбооны фэйсбүүк цахим хуудас,
гишүүдийн хувийн е-мэйлээр нийтэд зарлана.
6.5. Бүх гишүүдийн хурлыг холбооны гишүүдийн 50 хувиас дээш оролцсоноор хурал хүчин
төгөлдөр байна.
6.6. Бүх гишүүдийн хурлын Тэргүүлэгчийг хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар
3 гишүүнтэй сонгож, Тэргүүлэгчид хурлын дэгийг танилцуулж хуралд орцогчдын ердийн
олонхын саналыг авна.
6.7. Ээлжит бус Бүх гишүүдийн хурлыг дараах нөхцөл үүссэн тохиолдолд Удирдах зөвлөл тогтоол
гаргаж хуралдуулна.
6.7.1. Холбооны нийт гишүүдийн 50-аас дээш хувь нь санал, шаардлага гаргасан
6.7.2. Хяналтын зөвлөлөөс санал, шаардлага гаргасан.
6.7.3. Удирдах зөвлөлийн гишүүдийн 65 хувиас дээш санал, шаардлага гаргасан
6.8. Бүх гишүүдийн хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргах, санал оруулахдаа дараах
журмыг баримтална:
6.8.1. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Удирдах зөвлөл батлах бөгөөд төлөвлөгөөнд ороогүй
асуудлыг хэлэлцэхгүй.
6.8.2. Тухайн асуудлыг Бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхийг Удирдах зөвлөлөөс
татгалзсан тохиолдолд тус саналыг гаргасан гишүүн энэхүү асуудлыг хэлэлцүүлэх
саналыг Бүх гишүүдийн хурлын үеэр гаргаж болно. Бүх гишүүдийн хуралд оролцож буй
нийт гишүүдийн ердийн олонхын дэмжлэг авснаар тухайн асуудлыг Бүх гишүүдийн
хурлаар хэлэлцэнэ.
6.9. Бүх гишүүдийн хурлаас гарах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Бүх гишүүдийн хуралд
оролцож буй гишүүдийн ердийн олонхын саналаар тогтоол хүчин төгөлдөр болно. Санал
тэнцсэн тохиолдолд Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Тэргүүн нэг санал нэмж өгөх
эрхтэй байна. Тогтоолд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тамгаар
баталгаажуулна.
6.10. Дүрмийн 4.3 заалтын хангаж буй гишүүн бүр Удирдах зөвлөл, Удирдах зөвлөлийн дарга,
Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхтэй оролцоно.
6.11. Сонгуулийг ардчилсан ёсны, тэгш эрхийн, хууль ёсны, шударга, ил тод байх зарчмыг
баримтлан явуулна.
6.12. Бүх гишүүдийн хурлыг танхимаар зохион байгуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд
цахимаар болон хосолмол байдлаар зохион байгуулж болно.
6.13. Хурал зохион байгуулагч нь удирдах зөвлөлийн даргаар сонгогдох хүсэлтэй гишүүдийн
намтар, мөрийн хөтөлбөрийг бүх гишүүдэд танилцуулна
6.14. Бүх гишүүдийн хурлын үеийн санал хураалтыг дараах хэлбэрээр явуулна.
6.14.1. Удирдах зөвлөлийн дарга болон гишүүдийг сонгох, чөлөөлөх санал хураалтыг нууц
хэлбэрээр явуулна;
6.14.2. Гишүүд санал хураалтыг илээр явуулах санал гаргаж ердийн олонх дэмжсэн тохиолдолд
санал хураалтын ил хэлбэрийг сонгож болно;
6.14.3. Санал хураалтад оролцох эрх бүхий гишүүн саналаа биечлэн өгөх бөгөөд бусдын нэрийн
өмнөөс санал өгөх болон итгэмжлэлээр төлөөлөн санал өгөхийг хориглоно;
6.14.4. Бусад асуудлаар санал хураалтыг ил хэлбэрээр явуулна.
6.15. Санал хураалтын тооллогын комиссыг 3 гишүүнтэйгээр Бүх гишүүдээс илээр сонгоно.
6.16. Санал хураалтын тооллогын комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
6.16.1. Тооллогын комисс даргаа дундаасаа томилно;
6.16.2. Бүх гишүүдийн хурлын санал хураалтад оролцогчдын ирцийг тогтоож, хурал
даргалагчид мэдээлнэ;
6.16.3. Хурал эхлэхэд ирцэд орсон гишүүд зарчмын зөрүүтэй саналтай хурал орхисон
тохиолдолд, тухайн саналыг дэмжээгүйд тооцно;
6.16.4. Бүх гишүүдийн хуралд оролцож санал өгөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудалд
тайлбар өгөх, санал өгөх журмыг тайлбарлана;
6.16.5. Санал хураалтыг санал авах хуудсаар явуулж байгаа тохиолдолд саналын хуудсыг
тоолж, хүлээж авна;
6.16.6. Санал хураалтын дүнгийн талаар тооллогын комисс тэмдэглэл хөтлөж, комиссын
гишүүдийн 100 хувь гарын үсгээрээ баталгаажуулан бүх гишүүдийн хуралд
танилцуулна;
6.16.7. Саналын хуудас, шийдвэрийг холбооны архивд хадгалуулахаар Удирдах зөвлөлийн
даргад хүлээлгэн өгнө;
6.16.8. Нууц хэлбэрээр өгөх санал хураалтад Гишүүн саналаа чөлөөтэй өгөх нөхцөл, боломжийг
бүрэн хангах ажлыг хэрэгжүүлнэ;
6.16.9. Тооллогын явцтай холбоотой маргаан гарсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл
тооллогын комиссыг шинээр сонгож хяналтын тооллого хийлгүүлэх.
7.1. Бүх гишүүдийн хурлаас Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаатай сонгох бөгөөд
Удирдах зөвлөл нь холбооны бодлогыг тодорхойлох, Бүх гишүүдийн хурлаас гаргасан
шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий салбарын
мэргэжлийн төлөөллийг багтаасан 15 хүний бүрэлдэхүүнтэй, хамтын удирдлагын байгууллага
байна.
7.2. Холбооны үйл ажиллагааны залгамж халааг үргэлжлүүлэх зорилгоор Бүх гишүүдийн хурлаар
эрх нь дуусаж буй Удирдах зөвлөлийн 50 хүртлэх хувийг улируулан сонгож болно.
7.3. Удирдах зөвлөлийн гишүүд нь цалин, аливаа урамшуулал авахгүй.
7.4. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шалгуурыг хангасан байна.
7.4.1. Гидрогеологи, Геоэкологи мэргэжилтэй, салбартаа 3-аас дээш жил ажилласан
туршилагтай байна;
7.4.2. Холбооны гишүүнээр 1 жилийн хугацааны өмнө элссэн байна;
7.4.3. Мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй байна;
7.4.4. Холбооноос зохион байгуулсан ажлуудад идэвхтэй оролцдог гишүүн байна;
7.4.5. Нэр дэвшигч нь Бүх гишүүдийн хуралд биеэр оролцож сонгогдоно.
7.5. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь өөрийн намтар, мөрийн хөтөлбөрөө бичгээр
гаргаж Бүх гишүүдийн хурлаас хуанлын 3 хоногийн өмнө Ажлын албанд ирүүлэн хүлээн
авсан тухай баталгаажуулалт авсан байна. Материал ирүүлсэн нэр дэвшигч нь тухайн 3
хоногтоо нэрээ татах эрхгүй байна.
7.6. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь заасан хугацаанд материалаа ирүүлээгүй болон
дутуу бүрдүүлж өгсөн тохиолдолд Бүх гишүүдийн хурлын танхимаас нэр дэвших
боломжгүй.
7.7. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ:
7.7.1. Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлынжагсаалтыг батлана;
7.7.2. Тухайнжилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсвийг батлах, хэрэгжилтэд
хяналт тавина;
7.7.3. Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, саналыг хэлэлцэж
Бүх гишүүдийн хуралд оруулна;
7.7.4. Холбооны нэр, удирдлага, бүтэц бүрэлдэхүүнийг батлана;
7.7.5. Удирдах зөвлөлийн гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтооно;
7.7.6. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлнө;
7.7.7. Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг
батлах, ажлын биелэлт болон гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг
дүгнэх, сунгах, цуцлана;
7.7.8. Санхүүгийн бодлогыг боловсруулах, батлана;
7.7.9. Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна;
7.7.10. Холбооноос зохион байгуулж буй сургалт, семинарт гишүүдэд хөнгөлөлт үзүүлнэ;
7.7.11. Холбооны бодлого, хэтийн төлөв, стратегийг тодорхойлно;
7.7.12. Стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлана;
7.7.13. Холбоог манлайллаар хангана;
7.7.14. Холбоог олон нийт, төрийн байгууллагатай холбоо тогтооход дэмжлэг үзүүлнэ;
7.7.15. Удирдах зөвлөл нь үйл ажиллагааны тайлангаа Бүх гишүүдийн хуралд тавих бөгөөд Бүх
гишүүдийн хурлаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх, хэрэгжүүлэх үйл
ажиллагааг зохион байгуулна;
7.7.16. Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх
тохиолдолд сүүлийн Бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлд нэр дэвшигчдээс санал
авсан жагсаалтын дарааллаар шинэ гишүүнийг сонгогдсонд тооцож ажиллуулна;
7.7.17. Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтооно;
7.7.18. Холбооны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ;
7.8. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ:
7.8.1. Холбооны нэрийг хувийн ашиг сонирхлоор ашигласан нь баримтаар тогтоогдсон.
7.8.2. Холбооны дүрэм зөрчсөн.
7.8.3. Өөрөө хүсэлт гаргасан.
7.8.4. Нас барсан, сураггүй алга болсонд тооцсон.
7.8.5. Мэргэжил, ёс зүйн зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон.
7.8.6. Гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
7.8.7. Тухайн жилийн Удирдах зөвлөлийн хуралд хүндэтгэх шалгаангүй хоёр буюу түүнээс
дээш удаа оролцоогүй.
7.8.8. Хяналтын зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн.
8.1. Удирдах зөвлөлийн хурлыг гишүүдийн ердийн олонх буюу 50+1 ирц бүрдсэнээр хүчинтэйд
тооцно.
8.2. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн ердийн
олонхийн буюу 50+1 саналаар шийдвэрлэнэ.
8.3. Хурлын хэлэлцэх асуудлыг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Удирдах зөвлөлийн
гишүүдээс санал авч, Удирдах зөвлөлийн даргад танилцуулан хөтөлбөр боловсруулана.
8.4. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, хуралдааны тов, байршлыг хуанлын 7-аас
доошгүй хоногийн өмнө Удирдах зөвлөлийн бүх гишүүдэд цахим шуудангаар мэдээлнэ.
8.5. Холбооны гишүүд Удирдах зөвлөлийн нарийн бичгээр дамжуулан санал оруулж, хурлын
хөтөлбөрт тусган хэлэлцүүлж болно. Шаардлагатай бол тухайн санал оруулсан гишүүнийг
саналын эрхгүйгээр хуралд урьж оролцуулж болно.
8.6. Удирдах зөвлөлийн хуралд хүндэтгэх шалтгаантай биеээр оролцох боломжгүй, дотоод
гадаадад томилолттой болон ээлжийн хуваарийн ажилтай тохиолдолд Удирдах зөвлөлийн
нарийн бичгийн даргад цахимаар оролцох хүсэлт тавина.
8.7. Цахимаар оролцсон гишүүнийг хурлын ирцэд тооцох бөгөөд саналын эрхтэй оролцоно.
8.8. ХУРЛЫН ДЭГ:
8.8.1. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг жилд 2 удаа зохион байгуулна;
8.8.2. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн дарга болон Удирдах
зөвлөлийн 2/3 гишүүний санаачлагаар зарлан, хуралдуулж болно;
8.8.3. Удирдах зөвлөлийн даргын эзгүйд Удирдах зөвлөлийн хуралд оролцож буй гишүүдийн
хамгийн ахмад гишүүн хурал даргална;
8.8.4. Төлөвлөгөөнд тусгагдаагүй, яаралтай хэлэлцэх асуудлыг гишүүдийн ердийн олонхын
саналаар хэлэлцэж болно;
8.8.5. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэл, Удирдах зөвлөлийн
шийдвэрийг албан бичиг хөтлөх журамд нийцүүлэн хуралдаанаас хойш ажлын 10 хоногт
багтаан үйлдэж Удирдах зөвлөлийн гишүүдэд тараан баталгаажуулсан байна.
8.8.6. Хурал болохоос өмнө Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд бичгээр саналаа
өгч болох бөгөөд энэхүү саналыг хүчин төгөлдөр хэмээн үзэж, саналыг хуралд
танилцуулах.
8.9. ШИЙДВЭР ГАРГАХ:
8.9.1. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаар ердийн олонхийн саналаар
шийдвэрлэж тогтоол гаргах ба тогтоолд Удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг
зурж баталгаажуулна.
8.9.2. Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар зарчмын өөр санал гишүүний
тайлбарыг хурлын тэмдэглэлд хавсаргана.
9.1. Удирдах зөвлөлийн даргыг Тэргүүн гэнэ. Тэргүүн нь дараах шалгуурыг хангасан байна.
9.1.1. Мэргэжлийн ур чадвар болон удирдан манлайлах ур чадвартай;
9.1.2. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн;
9.1.3. Ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй;
9.1.4. Гидрогеологи, Геоэкологийн салбартаа 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан;
9.1.5. Холбооны Удирдах зөвлөлд 1-ээс доошгүй сонгогдон ажиллаж байсан.
9.2. ТЭРГҮҮНИЙ БҮРЭН ЭРХ, ҮҮРЭГ:
9.2.1. Удирдах зөвлөлийн шийдвэрээр Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулна;
9.2.2. Холбооны үйл ажиллагааны өнөөгийн болон хэтийн төлөв, чиг хандлагыг
тодорхойлж, Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна;
9.2.3. Холбоог гадаад, дотоодод төлөөлнө;
9.2.4. Төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
9.2.5. Хэвлэл мэдээллээр мэдэгдэл хийнэ;
9.2.6. Удирдах зөвлөлийн хурлыг даргална;
9.2.7. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна;
9.2.8. Удирдах зөвлөлөөс томилсон Гүйцэтгэх захиралтай Удирдах зөвлөлийн шийдвэр
гарсанаас хойш ажлын 5 хоногт багтаан хөдөлмөрийн гэрээ байгуулна;
9.2.9. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
удирдлага, арга зүйгээр хангана;
9.2.10. Удирдах зөвлөлийн гишүүнийг эргүүлэн татах нөхцөл бүрдсэн тохиолдолд асуудлыг
Удирдах зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлнэ;
9.2.11. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина;
9.2.12. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу Ажлын хэсэг байгуулах тогтоол гаргана.
10.1. Нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлөөс сонгох ба дараах эрх, үүргийг хэргэжүүлнэ.
10.1.1. Удирдах зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангана;
10.1.2. Удирдах зөвлөлийн гишүүдтэй нягт хамтран ажиллана;
10.1.3. Удирдах зөвлөлийн хурлын тов болон хэлэлцэх асуудлыг Удирдах зөвлөлийн дарга,
Удирдах зөвлөлийн гишүүдийн санал болгосноор боловсруулж хурал болохоос
хуанлын 7 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.
11.1. Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж
буй эсэхэд хяналт тавих зорилго бүхий нэгж юм.
11.2. Хяналтын зөвлөл нь холбооны 3-аас доошгүй гишүүдийн бүрэлдэхүүнтэй, 3 жилийн
хугацаатай Бүх гишүүдийн хурлаар сонгогдоно.
11.3. Хяналтын зөвлөл нь даргаа сонгоно
11.4. Холбооны Тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх албаны бүрэлдэхүүнийг хяналтын
зөвлөлийн гишүүнээр сонгохгүй.
11.5. Хяналтын зөвлөл жил тутам хуралдана. Шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд
ээлжит бусаар хуралдаж болно.
11.6. Хяналтын зөвлөл нь холбооны үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээ, бичиг баримтыг
саадгүй гаргуулан авах, холбогдох мэргэжилтэнг хяналтын үйл ажиллагаанд татан оролцуулах
эрхтэй.
11.7. Хяналтын зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байх бөгөөд түүнийг УЗ даргад
хүргүүлнэ.
12.1. Ажлын албыг Гүйцэтгэх захирал удирдах бөгөөд орон тооны ажилтан байна.
12.2. Гүйцэтгэх захирал нь Холбооны гишүүн байна.
12.3. Гүйцэтгэх захирал нь Удирдах Зөвлөлийн гишүүн болон Хяналтын зөвлөлийн гишүүн байж
болохгүй.
12.4. Гүйцэтгэх захирлыг нээлттэй өрсөлдөөнт журмаар сонгон шалгаруулалж, Удирдах зөвлөлийн
ердийн олонхын саналаар сонгон, холбооны Тэргүүн томилсон тушаал гаргаж гэрээ байгуулан
ажиллана.
12.5. Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн баталсан үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн
дагуу холбооны өдөр тутмын үйл ажиллагааг өөрт олгосон эрх, үүргийн хүрээнд удирдан
зохион байгуулна.
12.6. Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд түүний эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, цалин
хөлс, урамшуулал зэргийг харилцан тохиролцож тусгана. Гэрээнд холбооны эд хөрөнгө
захиран зарцуулах эрх, хэм хэмжээг тодорхой зааж өгсөн байна.
12.7. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ЭРХ, ҮҮРЭГ:
12.7.1. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, төсөв,
төлөвлөгөөний хүрээнд өмч, хөрөнгө захиран зарцуулна;
12.7.2. Удирдах зөвлөллөөс баталсан Ажлын албаны бүтцийн дагуу Удирдах зөвлөлд
танилцуулсанаар гүйцэтгэх албаны орон тооны ажиллагсадтай гэрээ байгуулан
ажиллуулна;
12.7.3. Холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна;
12.7.4. Гүйцэтгэх захирлын гэрээнд тусгагдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ;
12.7.5. Гүйцэтгэх захирал нь холбооны тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг
боловсруулах, үр дүн, гүйцэтгэлийг Удирдах зөвлөлд тайлагнаж, батлуулна;
12.7.6. Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангана;
12.7.7. Гишүүнчлэлтэй холбоотой бүртгэл явууж, гишүүдэд мэдээ, мэдээлэл хүргэнэ;
12.7.8. Орон нутаг дахь салбарыг арга зүйн удирдлага, мэдээллээр хангана;
12.7.9. Мэдээлэл, харилцаа, олон нийттэй харилцах асуудлыг эрхлэнэ;
12.7.10. Холбооны дэргэдэх клуб, салбаруудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ;
12.7.11. Гүйцэтгэх захирал нь бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр Гүйцэтгэх
захирал томилогдох хүртэл албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ;
12.7.12. Санхүүгийн тайлан баланст хуулийн дагуу аудит хийлгэнэ;
12.7.13. Удирдах зөвлөлд танилцуулаагүй аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
12.7.14. Холбоог хуваах, өөрчлөх, нэгтгэх, нийлүүлэх зорилготой аливаа үйл ажиллагаанд
оролцохгүй байх;
12.7.15. Ижил зорилго бүхий төрийн бус байгууллага байгуулахгүй байх.
13.1. Холбоо нь ашгийн бус хуулийн этгээд бөгөөд өөрийгөө санхүүжүүлэх үндсэн дээр үйл
ажиллагаагаа явуулна.
13.2. Холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэртэй
байна.
13.3. Холбооны орлого дараах эх үүсвэрээс бүрдэж болно. Үүнд:
13.3.1. Гишүүдийн татвар
13.3.2. Гишүүд болон гадаад, дотоодын иргэд, байгууллагаас өгсөн хандив.
13.3.3. Гадаад, дотоодын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн ажлын төсөв.
13.3.4. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон
орлого.
13.3.5. Байгууллагын бэлгэдэл , нэр бүхий бараа борлуулсны татварын орлого.
13.3.6. Төсөл хэрэгжүүлэх зорилгоор Улс орон нутгийн төсөв, гадаад дотоодын байгууллагаас
олгосон санхүүжилт.
13.3.7. Бусад орлого.
13.4. Холбооны санхүүгийн зарцуулалт.
13.4.1. Гүйцэтгэх албаны өдөр тутмын үйл ажилгаа тасралтгүй явагдах урсгал зардал;
13.4.2. Гүйцэтгэх албаны бүтэцийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл;
13.4.3. Холбооны татвар, даатгал;
13.4.4. Холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагааны зардал;
13.4.5. Холбооны Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн аливаа хандив тусламж;
13.4.6. Холбооны дүрэм хэрэгжүүлэхтэй холбоотой хурал симнарын зардал;
13.4.7. Бусад зардалууд.
13.5. Холбооны гишүүн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтын байгууллагаар
аудит хийлгэж болно. Түүнтэй холбогдох зардлыг тухайн гишүүн гаргана.
13.6. Холбооны санхүүгийн жил нь төсвийн жилтэй давхцах бөгөөд тухайн жилийн 01 сарын 01
өдрөөс эхэлж тухайн жилийн 12-р сарын 31-нд дуусна.
14.1. Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл Холбоо нь бусад
байгууллагатай нэгдэн нийлэх, эсвэл хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдаж
болно.
14.2. Холбоог татан буулгах шийдвэрийг бүх гишүүдийн хурал /эрх барих дээд байгууллага/
гаргана.
14.3. Татан буугдахад зохих төлбөр тооцоог хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй
төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн
үйл ажиллагаанд зарцуулна.
14.4. Холбоог үндсэн зорилгоо биелүүлсэн гэж үзсэн бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан
бусад үндэслэлийн дагуу татан буулгах буюу өөрчлөн зохион байгуулж болно.
14.5. Татан буулгасан буюу өөрчлөн байгуулсан шийдвэр гарснаас хойш холбогдох хуульд заасан
хугацааны дотор холбогдох байгууллагуудад мэдэгдэнэ.
15.1. Бүх гишүүдийн хурлын олонхын саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт, шинэчлэн найруулга
оруулж болно.
15.2. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын
хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүд болон холбооны гишүүдээс сайн дурын хүсэлтээр
оролцуулан байгуулж, Нарийн бичгийн дарга Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж,
хэлэлцүүлж, батлуулна.
15.3. Дүрэмд нэмэлт өөрчлөлт, шинэчлэн найруулгыг бүх гишүүдийн хурлын тогтоол
гарснаар хүчин төгөлдөр тооцно.
15.4. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийсэн тухай Бүх гишүүдийн
хурлын тогтоол гарч, холбогдох төрийн байгууллагад бүртгүүлнэ.
15.5. Дүрмийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг холбогдох байгууллагад
бүртгүүлэх ажлыг Холбооны тэргүүн хариуцна.
МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИ, ГЕОЭКОЛОГИЙН
МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ ДҮРМИЙН АЖЛЫН ХЭСЭГ
2026 ОН
