МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО” НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- “Монголын гидрогеологичдын холбоо” / цаашид Холбоо гэх / нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль, тогтоомж, энэхүү дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах, Монголын Усны салбарыг хөгжүүлэх, Гидрогеологичдын хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үндсэн зорилго бүхий сайн дурын, гишүүд болон нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
- Байгууллагийн оноосон нэр Монголоор “Монголын гидрогеологичдын холбоо”(товчлол нь: МГХ), Англиар “Mongolian Association of Hydrogeologists”(товчилсон нэр нь “MAH”)
- Холбооны байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, Кёкүшю цамхаг, 716 тоот
- Холбоог үүсгэн байгуулсан 2011 оны 11 сарын 04 -ний өдрийг “Монголын гидрогеологичдын холбоо ТББ-ын үүсгэн байгуулагдсан өдөрт тооцно.
- Холбоо нь үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулна.
- Энэхүү дүрмийн зорилго нь “Монголын гидрогеологичдын холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны зарчим, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхойлж зохицуулахад оршино.
- Энэ нь Холбооны үндсэн дүрэм тул гишүүн бүр даган мөрдөж, халдашгүй дархан байдлыг нь хангана.
- Холбоо нь өөрийн тамга, тэмдэг, бэлгэдэл, туг, үнэмлэх карт, хэвлэмэл хуудас, мэдээллийг хүргэх цахим хуудастай байна.
ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
- Алсын хараа: Гидрогеологичдын чадавхийг олон улсын түвшинд хүргэж, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн хурдасгуур нь байна.
- Эрхэм зорилго: Холбоо нь Монгол Улсын гидрогеологичдын нэгтгэх, Монгол Улсын Гидрогеологийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, тус салбарыг улсын тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх.
- Зорилтууд:
- Монгол улсын газар доорх усны нөөцийг нэмэгдүүлэх, эрэл-хайгуулын ажил явуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд гидрогеологийн төрөл бүрийн судалгаа явуулах, хэтийн төлвийг үнэлэх, гидрогеологийн хайгуулын ажлыг дэлхийн зах зээл дээр үнэлүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Монголын гидрогеологичдын үндэсний боловсон хүчнийг бэхжүүлэх, мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, эв нэгдлийг хангах, хууль ёсны эрх ашгийг хамгаалах
- Усны салбарын байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжилтнүүдийн гадаад харилцааг хөгжүүлэх, дотоод харилцааг бэхжүүлэх
- Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын доорхи усны нөөцийн эрэл хайгуул, менежментийн чиглэлээр бодлого хэрэгжүүлэхэд оролцох, хяналт тавих
- Усны салбарт ажиллагсдыг шинжлэх ухаан, техник, технологи, шинэ нээлт болон бусад мэдээллээр хангах
- Гишүүдийнхээ мэргэжлийн түвшинг дээшлүүлэх сургалт явуулах
- Захиалагч байгууллагын хүсэлтээр мэргэжлийн зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээ хийж гүйцэтгэх
- Үйл ажиллагааны зарчим:
- Аливаа хувь хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхолыг дээдлэхгүй.
- Улс төрийн нам, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд ямар нэгэн бүлгийн явцуу ашиг сонирхолыг хөхүүлэн дэмжихгүй.
- Хүний эрхийг хүндэтгэж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах.
- Холбооны засаглал, үйл ажиллагаа нь ардчилсан шударга, нээлттэй, ил тод байж, гишүүд хоорондын болон харилцагч байгууллага, нийгмийн олон талт хамтын ажиллагаанд харшлахгүй байх.
- Холбооны ажлын үр дүнг гишүүд, дэмжигчдэд эргэж тайлагнадаг байх.
- Холбооны гишүүд эв нэгдэл, нэгдмэл бодлого, нэгдсэн байр суурийг эрхэмлэх.
- Холбооны гишүүд нээлттэй хэлэлцүүлэг, хамтын шийдвэрийг удирдлага болгох.
- Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Монголын Усны салбарын хөгжлийн таатай орчинг бий болгон, гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж, нэгдсэн бодлогоор дэмжин, гидрогеологичид болон усны хайгуулын үндэсний компаниудыг дотоод зах зээл дээр давамгайлах болон олон улсын зах зээл дээр гаргахад дэмжлэг үзүүлэх.
- Усны салбарын талаарх нийгмийн мэдлэг, үнэлэмж, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, тэднийг тасралтгүй хөгжих бололцоог бий болгох.
- Усны талаар төрийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бодлого, эрх зүйн хүрээнд салбартаа тэргүүлэх гишүүдийн туршлага, мэдлэгт суурилан зөвлөмж гаргах.
- Шинэ, дэвшилтэд технологийн судалгааг хийж, дотоодын дэд бүтэц, улс орны нөхцөлд тохирох шийдлүүдийг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, сурталчилах, олон нийтэд түгээх, мэдээллэх.
- Улс орны хэмжээнд хэрэглэгдэж буй нэр томьёо, стандартуудыг нарийвчлан тодорхойлж, усны салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүсийг чадавхижуулж, нийтлэг ойлголтуудыг нарийвчлан түгээх, нэвтрүүлэх, хэвшүүлэх.
- Олон улсын үйл явдал, сургалт, хамтарсан төсөл хэрэгжүүлж гадаадын орнуудын усны салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүстэй үзэл бодол, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох замаар Холбооны үйл ажиллагааг тогтмол сайжруулж, гишүүдэд түнш байгууллагуудыг олоход туслах.
- Гишүүд болон сонирхогч байгууллага, хувь хүмүүст шаардлагатай байгаа сургалтуудыг тогтмол явуулж, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн сургалт семинар, нөхөрсөг уулзалт, өдөрлөгийг зохион байгуулах замаар салбарыг хөгжүүлэн чадавхижуулах.
- Уулзалтуудыг зохион байгуулах, түүнд оролцох замаар гишүүд хоорондоо харилцаа холбоо тогтоох, бизнесийн санал мэдээллээ олон улсын хэмжээнд солилцох, бизнесийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа дэлхийд нэр хүндтэй байгууллага, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлээр сургалт семинарт оролцох боломжоор хангах.
- Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломжийг олгох, улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүдийг тогтмол хэрэгжүүлэх.
- Холбоо нь 2 жилд 1 удаа чуулга уулзалтыг зохион байгуулж уриалга, хөтөлбөрт ажлуудыг үйл ажиллагаандаа чиглэл болгон төлөвлөж ажиллана. Жил бүрийн үйл ажиллагаа нь тухайн уриалга, хөтөлбөрийн хүрээнд нарийн зохион байгуулагдаж, төлөвлөгдөж олон нийтэд нээлттэй байдлаар явагдана.
ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
- Холбоо нь өөрийн өмчлөлийн хөрөнгө, бие даасан тайлан тэнцэлтэй байх бөгөөд банкинд төгрөгийн болон валютын данс нээх эрхтэй.
- Тамга, тэмдэг, албан бичгийн хуудас болон адилтгах бусад хэрэгсэлтэй байна.
- Холбоо нь өөрийн эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд гэрээ, хэлцэл байгуулах, эд хөрөнгийн болон бусад эрхийг олж авах эрхтэй.
- Холбоо нь аймгуудад өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах, олон улсын байгууллага, холбооны гишүүн байх эрхтэй.
- Холбоо үйл ажиллагааныхаа гол чиглэлээр бүтцийн нэгж, дэргэдээ сонирхлын клуб байгуулж болно.
- Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй тохиолдолд холбооны үйл ажиллагаанд төрийн, төрийн бус болон бусад байгууллагууд хөндлөнгөөс оролцохыг хориглоно. Энэ нь салбарын бодлого тодорхойлогч төрийн байгууллагуудаас төлөөлөл болж, Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоход хамаарахгүй.
- Холбоо нь өөрийн хүлээсэн үүргийг өмч хөрөнгөөрөө хариуцна. Гишүүдээс холбооны өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгө түүний өмч байна.
- Дотоодын болон гадаадын хуулийн этгээдтэй хамтрах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих эрх нээлттэй ба Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд уг үйл ажиллагааг явуулна.
- Холбоо нь өөрийн нэрийн өмнө үйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн гэрээ хэлцэл хийх, эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, эрхийг худалдах худалдан авах эрхтэй.
- Холбоо нь өөрийн зорилго, үйл ажиллагаа, ашиг сонирхол нэг дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах, төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, эвсэл холбоонд гишүүнээр элсэх, ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд төлөөлүүлэх эрхтэй.
- Холбоо нь жил бүр хувь хүнд “Оны шилдэг гидрогеологич”-ийг холбогдох журмийн дагуу ТУЗ-ийн шийдвэрээр тодорхойлно.
- Холбооны дээд шагнал нь 2 жилдээ нэг удаа бүх гишүүдийн хурлаар тодорхойлно.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ГИШҮҮНЧЛЭЛ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ЭРХ ҮҮРГИЙН ХАРИУЦЛАГА
- Гишүүнчлэл:
- Холбооны эрхэм зорилго, зорилт, зарчим болон энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани, гидрогелогич нар сайн дураар гишүүнээр элсэнэ.
- Гишүүд нь холбооны дүрмэнд заасан эрх үүргийн дагуу аливаа үйл ажиллагаанд оролцдог бөгөөд гишүүнчлэлийн төрөл, зэрэглэлээс хамаарч гишүүдийн эрх, үүрэг нь харилцан адилгүй байна.
- Удирдах зөвлөл нь Холбооны гишүүнчлэлийн журмыг батлах ба энэхүү журмаар Гишүүнчлэлийн зэрэглэлийг тодорхойлж, тухайн зэрэглэлд ноогдох гишүүнчлэлийн татвар, эрх үүргийг зохицуулна.
- Холбооны гишүүнчлэл нь үндсэн 2 хэлбэртэй байна. Үүнд:
- Гишүүн /хувь хүн/;
- Гишүүн /компани/;
- Оюутан
- Гишүүн нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
- Эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.
- Бүх гишүүдийн хуралд энэ дүрмээр тогтоосон саналын эрхтэйгээр оролцож Удирдах зөвлөлийн даргыг болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, сонгогдох, Удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх эрхтэй.
- Холбоонд болон түүнээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, төслийг дэмжиж хандив өргөх эрхтэй.
- Холбооноос зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд хамрагдах эрхтэй.
- Холбооны танилцуулга, цахим хуудсанд өөрийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл тавих, гадаад, дотоодод үйл ажиллагаагаа сурталчилан, таниулах эрхтэй.
- Холбооны талаарх холбогдох мэдээ, мэдээллийг дэлгэрэнгүй авах эрхтэй.
- Холбооноос зохион байгуулж буй сургалт, семинарт хөнгөлттэй нөхцөлөөр хамрагдах эрхтэй.
- Удирдах зөвлөлөөс баталсан Гишүүнчлэлийн журмын дагуу гишүүний татвараа хугацаанд нь төлөх үүрэгтэй.
- Холбооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах үүрэгтэй.
- Энэхүү дүрэм болон үүнд нийцүүлэн гаргасан журмыг мөрдөхийн зэрэгцээ холбооноос зохион байгуулж буй олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцож, аливаа үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй.
- Холбооны гишүүдийг хүндэтгэж, тэгш эрхтэй харилцах үүрэгтэй.
- Холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулах үүрэгтэй.
- Гишүүнчлэлийн татвар
- Гишүүн /хувь хүн/: гишүүнчлэлийн татвар 30,000 /гучин мянга/ төгрөг байна.
- Гишүүн компани: гишүүнчлэлийн татвар нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг байна.
- Оюутан (Зөвхөн 4-р курсийн оюутанууд) татваргүй
ТАВДУГААР ЗҮЙЛ. ГИШҮҮНЭЭР ЭЛСҮҮЛЭХ, ХАСАХ
- Гишүүнчлэлд бүртгэх:
- Холбооны гишүүн болохыг хүсэгч нь холбооны байранд өөрийн биеэр ирж гишүүний бүртгэлийн маягтыг бөглөснөөр бүртгэлд хамрагдана. Бүртгэлд хамрагдсан гишүүнийг холбооны эрхэм зорилго, зорилт, зарчим болон энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Гишүүнээр бүртгүүлэхэд өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх үүрэгтэй бөгөөд Гишүүнчлэлийн журамд заасан материалыг бүрдүүлж өгнө.
- Гишүүнчлэлээс хасах:
- Дор дурдсан нөхцөлд холбооны гишүүнчлэлээс хасаж, холбогдох бүртгэлийн өөрчлөлтийг ажлын алба ажлын 3 хоногт багтаан хийж, гишүүдэд мэдээллэнэ. Үүнд:
- Гишүүнчлэлийн татвараа цаг хугацаанд нь төлөөгүй;
- Гишүүн өөрөө гарах хүсэлтээ бичгээр гаргасан;
- Холбооны үйл ажиллагаанд идэвхгүй оролцох, оролцохоос зайлсхийж байна гэсэн дүгнэлтийг удирдах зөвлөлөөс гаргасан;
- Нас барсан, эсвэл гэмт хэрэгт холбогдсон;
- Хуулийн этгээд, эсвэл байгууллага татан буугдсан, дампуурсан тохиолдолд.
- Дор дурдсан нөхцөлд холбооны гишүүнчлэлээс хасаж, холбогдох бүртгэлийн өөрчлөлтийг ажлын алба ажлын 3 хоногт багтаан хийж, гишүүдэд мэдээллэнэ. Үүнд:
ЗУРГАДУГААР ЗҮЙЛ. ХОЛБООНЫ ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА
- Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байх ба бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт түүний эрх удирдах зөвлөлд шилжинэ.
- Холбооны үйл ажиллагааны тайланг Удирдах зөвлөл бүх гишүүдийн хуралд тайлагнана.
- Бүх гишүүдийн хурлыг Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч эсвэл түүний эрх олгосон нарийн бичгийн дарга удирдан явуулна.
- Бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг 2 жил хүртлэх хугацаагаар 9 гишүүн буюу сондгой тооны бүрэлдэхүүнтэйгээр сонгоно.
- Бүх гишүүдийн хурал Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд нь холбооны дүрмийн хэрэгжилтийн биелэлтийг нийт гишүүдэд тайлагнах дээд хэмжээний албан ёсны үйл ажиллагаа байна.
- Бүх гишүүдийн хурал нь 2 жилд нэг удаа хуралдах ба бүх гишүүдийн хурлыг Удирдах зөвлөлийн дарга санал болгосны дагуу эсвэл удирдах зөвлөлийн 2-оос доошгүй гишүүдийн хүсэлтээр хугацааг товлон хуралдуулна.
- Холбооны гишүүдийн 50 дээш хувь нь оролцсон тохиолдолд бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
- Бүх гишүүдийн хуралд албан ёсоор холбоонд элсэж, тухайн жилийн гишүүнчлэлийн татвараа төлсөн жинхэнэ гишүүн бүр нэг саналын эрхээр оролцоно.
- Бүх гишүүдийн хурал нь санал хураалт явуулж, хэлэлцэж буй асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч нэг санал нэмж өгөх эрхтэй байна.
- Дор дурдсан асуудлыг зөвхөн Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ:
- Холбооны дүрэм батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
- Холбооны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөний тайлан ба орлого, зарлагын тайланг хэлэлцэх;
- Холбооны Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, дахин сонгох, чөлөөлөх;
- Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах болон үлдэгдэл хөрөнгийг хуваарилах;
- Хяналтын алба байгуулах, татан буулгах;
- Бүх гишүүдийн хуралд хэлэлцүүлэхээр Удирдах зөвлөлөөс оруулсан бусад асуудал.
- Бүх гишүүдийн хурлын зарыг бүртгэлтэй и-майл болон утсаар хурал хуралдахаас 2 хоногийн өмнө бүх гишүүдэд хүргэсэн байна.
ДОЛООДУГААР ЗҮЙЛ. ХОЛБООНЫ БҮТЭЦ, АЛБАН ТУШААЛЫН НЭР ТОМЪЁО
- Холбооны бүтэц:
- Холбооны бүтцийг удирдах зөвлөлийн хуралд оролцсон нийт гишүүдийн 70 –аас дээш хувийн саналаар батална.
- Холбооны гүйцэтгэх захиргааны бүтцийг удирдах зөвлөлөөс батлана.
- Албан тушаалын нэр томъёо
- “Бүх гишүүдийн хурал” гэдэгт холбооны эрх барих дээд байгууллагыг;
- “Удирдах зөвлөл” гэдэгт бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт эрх барих дээд зөвлөлийг;
- “Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч” гэдэгт холбоог дотоод, гадаадад бүрэн эрхтэйгээр төлөөлөх, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг, Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрх бүхий Бүх гишүүдийн хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар томилогдсон албан тушаалтныг;
- “Удирдах зөвлөлийн гишүүн” гэдэгт удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх эрх бүхий Бүх гишүүдийн хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар томилогдсон албан тушаалтныг;
- “Хяналтын зөвлөл” гэдэгт холбооны 3-аас доошгүй гишүүдийн бүрэлдэхүүнтэй ТББ-ын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, ТББ-ын бусад үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавих зорилго бүхий Холбооны албан ёсны нэгжийг;
- “Гүйцэтгэх захиргаа” гэдэгт удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж холбооны өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны ажилтнаас бүрдсэн ажлын албыг;
- Гүйцэтгэх захирал” гэдэгт гүйцэтгэх захиргааг удирдан ажиллах байгаа удирдах зөвлөлөөс томилогдсон албан тушаалтныг
- “Нарийн бичгийн дарга” гэдэгт Удирдах зөвлөлөөс томилогдсон ТУЗ-ийн даргын шууд удирдлагад ажиллах албан тушаалтныг
НАЙМДУГААР ЗҮЙЛ. ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ
- Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны эрх барих дээд байгууллага 9 гишүүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөл байна.
- Удирдах зөвлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар сонгоно.
- Удирдах зөвлөлийг удирдах зөвлөлийн дарга даргална.
- Удирдах Зөвлөл хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудаараа Тогтоол гаргана.
- Удирдах Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан тогтоол, нууц санал хураалтын тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гаргах тогтоолын талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргах эрхтэй.
- Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байх бөгөөд шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Хэрэв санал тэнцвэл хуралдаан даргалагч нэг санал нэмж өгөх эрхтэй.
- Удирдах зөвлөл нь 6 сар тутамд 1 удаа хуралдах бөгөөд тухай бүр хурлын тэмдэглэл үйлдэнэ. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг Удирдах зөвлөлийн дарга санал болгосны дагуу эсвэл удирдах зөвлөлийн 2-оос доошгүй гишүүдийн хүсэлтээр хуралдуулж болно.
- Холбооны гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг холбоо хүлээхгүй.
- Удирдах зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй:
- Холбооны бодлого, хэтийн төлөв, стратегийг тодорхойлох;
- Бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
- Стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлах;
- Хороог манлайллаар хангах;
- Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;
- Холбооны гишүүнчлэлийн журам болон бусад хууль, тогтоомж, дүрэмтэй нийцүүлэн дотоод журмыг боловсруулж, батлан мөрдүүлэх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;
- Бүх гишүүдийн хуралд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах;
- Тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсвийг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих;
- Гишүүнчлэлийн журмыг шинэчлэх, холбооны гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, өөрчлөх;
- Холбооны зорилго, зорилт, үйл ажиллагаанд нийцүүлэн хороодыг батламжлах, өөрчлөх, татан буулгах
- Гүйцэтгэх захиргааны орон тоо болон төсвийг батлах;
- Гүйцэтгэх захирал, Нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх;
- Санхүүгийн бодлогыг боловсруулах, батлах;
- Холбооны бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих;
- Холбоог олон нийт, төрийн байгууллагатай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх;
- Хөрөнгө, санхүүжилт босгох үйл ажиллагааг удирдах;
- Гүйцэтгэх захиргааны журмыг батлах;
- Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах албан тушаалтан багтана. Үүнд:
- Удирдах зөвлөлийн дарга буюу Холбооны Ерөнхийлөгч
- Удирдах зөвлөлийн гишүүн /8 орон тоо байна/
- Холбооны Удирдах зөвлөлийн дарга буюу Холбооны Ерөнхийлөгч нь холбооны удирдагч мөн. Удирдах зөвлөлийн дарга дараах эрхийг эдэлнэ:
- Холбоог дотоод, гадаадад бүрэн эрхтэйгээр төлөөлөх, манлайлах;
- Удирдах зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх, өөрчлөх, чөлөөлөх саналыг бүх гишүүдийн хуралд оруулах;
- Удирдах зөвлөлийн хурлыг даргалах;
- Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах;
- Холбооны жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах;
- Гүйцэтгэх захиргааны ажилтнуудыг томилох, өөрчлөх, чөлөөлөх;
- Гүйцэтгэх захиргааны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах;
- Гүйцэтгэх захиргаанд үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
- Холбооны салбар, төлөөлөгчийн газар, сонирхлын клубуудыг байгуулах, өөрчлөх, татан буулгах;
- Хөлсөөр ажиллах хувь хүн, байгууллагатай гэрээ байгуулах болон хуульд заасан бусад эрх.
- Удирдах зөвлөлийн дарга буюу Холбооны Ерөнхийлөгчийг бүх гишүүдийн хурлаар нээлттэй санал хураалтаар сонгоно.
- Холбооны гүйцэтгэх захирал нь холбооны өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх захирал дараах эрхийг эдэлнэ:
- Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах;
- Холбооны жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах;
- Гүйцэтгэх захиргааны ажилтнуудыг томилох, өөрчлөх, чөлөөлөх;
- Гүйцэтгэх захиргааны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах;
- Гүйцэтгэх захиргаанд үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
- Холбооны салбар, төлөөлөгчийн газар, сонирхлын клубуудыг байгуулах, өөрчлөх, татан буулгах;
- Хөлсөөр ажиллах хувь хүн, байгууллагатай гэрээ байгуулах болон хуульд заасан бусад эрх.
- Гүйцэтгэх захирлыг Улирдах зөвлөлийн хурлын 2/3 гишүүний буюу 8 гишүүний саналаар томилж, чөлөөлнө.
- Нарийн бичгийн даргын эрх, үүрэг:
- Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх;
- Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Холбооны нэрийн өмнөөс холбогдох байгууллагатай харилцаж ажиллах;
- Сайн дурынхан болон олон нийттэй ажиллах;
- Удирдах зөвлөлийг болон холбооны гишүүдийг мэдээллээр хангах;
- Удирдах зөвлөлийн даргын шууд удирдлага дор ажиллаж, Удирдах зөвлөл, холбооны гишүүдтэй нягт хамтран ажиллах
ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ
- Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
- Удирдах зөвлөлийн хурал хоёр төрөл байна. Үүнд:
- Ээлжит хурал: Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 6 сар тутам 1- удаа хуралдуулна. Ээлжит хурлын хугацааг байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байна.
- Ээлжит бус хурал: Ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн даргийн шийдвэрээр эсвэл удирдах зөвлөлийн гишүүдийн 1/2-ний хүсэлтээр шаардлагатай үед зарлан хуралдуулж болно.
- Хурлын тов ба хэлэлцэх асуудал:
- Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг Удирдах зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийн санал болгосноор Нарийн бичгийн дарга боловсруулж хурал болохоос 3 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.
- Хурал болохоос өмнө Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд бичгээр саналаа өгч болох бөгөөд энэхүү саналыг хүчин төгөлдөр хэмээн үзэж, санал өгсөн Удирдах зөвлөлийн гишүүнийг хуралд оролцсонд тооцно.
- Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 хувь буюу 6 аас дээш гишүүд нь удирдах зөвлөлийн хуралд оролцсон тохиолдолд тухайн хурлыг хүчинтэй гэж үзнэ.
- Хурлын шийдвэр:
- Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар батална.
- Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч Удирдах зөвлөлийн дарга буюу Холбооны Ерөнхийлөгч гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажснаар хүчин төгөлдөр болно.
- УЗ-ийн шийдвэрийн санал тэнцсэн тохиолдолд УЗ-ийн дарга буюу Холбооны Ерөнхийлөгч эцсийн таслах эрхтэй оролцоно.
- Удирдах зөвлөлийн шийдвэр хурлаас гарсан хамтын шийдвэр тул цөөнх болсон гишүүд түүнийг дагаж мөрдөнө.
АРАВДУГААР ЗҮЙЛ. Хяналтын зөвлөл
- Хяналтын зөвлөл нь холбооны 3-аас доошгүй гишүүдийн бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийн хурлаар сонгогдоно. Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, ТББ-ын бусад үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавих зорилго бүхий нэгж юм.
АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТ
- Холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтын эх үүсвэртэй байна.
- Холбооны орлого дараах эх үүсвэрээс бүрдэж болно. Үүнд:
- Гишүүдийн татвар;
- Гишүүд болон гадаад, дотоодын иргэд, байгууллагаас өгсөн хандив;
- Гадаад, дотоодын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн ажлын төсөв;
- Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
- Байгууллагын бэлэгдэл бүхий бараа борлуулсаны орлого;
- Төсөл хэрэгжүүлэх зорилгоор Улсын төсөв, донор байгууллага, Засгийн газрын тусгай сангаас олгосон хөрөнгө;
- Бусад орлого;
- Холбооны санхүүгийн жил нь төсвийн жилтэй давхцах бөгөөд анхных нь бүртгүүлсэн өдрөөс эхэлж тухайн жилийн 12-р сарын 31-нд дуусна.
- Холбооны Санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.
АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ.ХОЛБООГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ
- Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл Холбоо нь бусад байгууллагатай нэгдэн нийлэх, эсвэл хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдаж болно.
- Холбоог татан буулгах шийдвэрийг бүх гишүүдийн хурал /эрх барих дээд байгууллага/ гаргана.
- Татан буугдахад зохих төлбөр тооцоог хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
- Холбоог үндсэн зорилгоо биелүүлсэн гэж үзсэн бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад үндэслэлийн дагуу татан буулгах буюу өөрчлөн байгуулж болно.
- Татан буулгасан буюу өөрчлөн байгуулсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагуудад мэдэгдэнэ.
АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
- Бүх гишүүдийн хурлын олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
- Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хороод болон гүйцэтгэх захирал болон нарийн бичгийн дарга боловсруулж, удирдах зөвлөлөөр хянуулсан байна.
- Нэмэлт өөрчлөлтийг бүх гишүүдийн хурлын тогтоол гарснаар хүчин төгөлдөр болно.
- Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг холбогдох байгууллагад 30 хоногийн дотор явуулах ажлыг гүйцэтгэх захирал хариуцна.